2016-12-26,18:51

Найз гэж хэн бэ?

friends-friendship-girls-happiness-Favim.com-329086
Ер нь  Яагаад бид 
олны дундаас хэн нэгнийг найзаа гэж дотночлон үздэг юм болоо? Итгэж нөхөрлөсөн болгон найз мөн үү? эсвэл нандин бүхнээ хуваалцдаг дотны хэн нэгэн бидний жинхэнэ найз уу? Энэ асуултын хариуг олохоор “Найз” гэсэн сэдвийг хөндөж байна.
 
  Найз, нөхөрлөл гэдэг хүмүүсийн хоорондын гүн итгэлцэл юм. Найзууд цаг хугацааны шалгуур доор бие биесээ ойлгон таньж, мэдэрч, харамгүй сэтгэлээр нэгийгээ дэмжин түшиж байдаг. Эргээд хариу тус нэхэхийн оронд найзынхаа ачийг санаж, нөхөрлөлөө хүндэлж явах нь хүмүүсийн хоорондын хамгийн эерэг холбоос. Анд нөхрөө хэмээн үзэж буй хүндээ итгэж, түүндээ аминчхан дотно харилцааг үүсгэн үнэлж байгаа хэрэг ч гэж ойлгож болох юм.
 
  Гэвч найз нөхдийн дотны ийм холбооноос гадна танил талын сүлжээ амьдралд биднийг өдөр тутам хүрээлж байдаг. “Танилтай бол талын чинээ” гэдэг үг ч үүнийг гэрчилнэ. Харин танил нөхөд, анд нөхөр, найзын үерхэл хоорондоо ялгаатай төдийгүй хүмүүсийн харилцааны өдөр тутмын өнгийг илэрхийлж байдгийг хэлмээр байна.
 
  Аав маань өтөл буурал болсон ч “Манай ангийн хүүхэд” гэж ирээд л ярьдаг юм. Анд найзууд гэдэг нас, үс, зүсний ялгаагүй нэг нэгнийхээ зүрхэнд бага залуу насны үерхэл нөхөрлөл гэгээн дурсамж болон үлдсэн нэгэн байхад насан туршдаа нөхөрлөж яваа сайн нөхөд ч олон.
 
  Ажил, амьдралын мөр хөөгөөд тал тал тийшээ салан одоцгоох цагт хичнээн сэтгэл байгаад ч андын харилцаа аажмаар холдож, эргээд уулзахад ярих юмгүй, бие биетэйгээ дөнгөж танилцаж байгаа ч юм шиг хачин мэдрэмж төрдөг. Өдөр болгон биш гэхэд долоо хоногтоо нэг уулзаад инээж, уйлаад суух шиг жаргал хаана байх вэ, тэр үед л “Би найзтай хүн” гэж бахархан дуу алдмаар санагддаг гэсэн танилынхаа үгийг санаж байна.
 

бичсэн: Friendship төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 261

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)